Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирснээр эрх баригчид сая сэхээ авч бүтэн жилийн турш жагсаж цугласан ахмадуудын тэтгэврийн асуудлыг эргэн харах боллоо. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийн гишүүдээ оролцуулан маргааш /2026.06.06/ Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан хийж, Засгийн газраас боловсруулсан тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 524.7 мянган иргэн тэтгэвэр авч буй.
Ахмадуудын тэтгэврийн дундаж хэмжээ 826,200 төгрөг бол бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг, харин хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг байгаа юм.
Нийт тэтгэвэр авагчдын 60 орчим хувь бага тэтгэвэр авдаг. Үндсэндээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тэтгэврээр ахмадууд амь зогоох болсон. Иймээс өнгөрсөн жилээс эхлэн тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж ирсэн юм. Харин Засгийн газраас тэтгэврийг ахмад настнуудын шаардаж байгаачлан 1.5 сая төгрөгт хүргэх боломжгүй болохоо илэрхийлж ирсэн. Үнэндээ ч эх үүсвэр байхгүй. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэхэд 4.1 их наяд төгрөг шаардана, боломжгүй” гэдэг хариултыг өгч ирсэн билээ.
Тэтгэвэр бол ажилласан жил, төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлийнх нь хэмжээнээс хамаарч тогтоогдох ёстой. Харамсалтай нь, үе үеийн УИХ сонгууль угтан тэтгэвэртэй холбоотой хууль баталж ирснээс Нийгмийн даатгалын сан нь ахмадуудын тэтгэврийг тавьж чадахгүйд хүрч улсаас жил бүр татаас авдаг болсон. Зөвхөн энэ жил Нийгмийн даатгалын санд улсын төсвөөс 1.9 их наяд төгрөгийн татаас өгч буй. Иймээс Засгийн газар бүр тэтгэврийн нэмэгдэлд болгоомжтой хандаж ирсэн юм. Харин Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн зөрүүг арилгана гэх мэдэгдлийг хийсэн нь анхаарал татаад буй. Учир нь ижил мэргэжлээр, ойролцоо жил ажиллаж тэтгэврээ тогтоолгосон хоёр иргэн хэдэн онд тэтгэвэрт гарснаас шалтгаалж зөрүүтэй тэтгэвэр авах болсон. Жишээ татвал, 2014 онд тэтгэврээ тогтоолгосон ахмад настан 800 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа бол 2023 онд тэтгэврээ тогтоолгосон нь 1.2 сая төгрөгийн тэтгэвэр авах жишээний.
Дээр нь улсад тасралтгүй 32 жил ажиллаж НДШ төлсөн ахмад настан 792 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа бол ажилласан жил нь цөөн ч НДШ-ээ нөхөн төлж, тэтгэвэрт гарсан байтлаа 769 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад настан ч бий.
Дээр нь тэтгэврийг инфляцитай уялдуулан 10 орчим хувиар нэмэгдүүлэхэд өндөр тогтоогдсон тэтгэвэр илүү нэмэгддэг. Итгэлцүүрээр тэтгэврийн зөрүүг арилгасан гэж Ардын намынхан өнгөрсөн хугацаанд шоудаж ирсэн ч амьдрал дээр дарга даамал хийж ирсэн хүмүүсийн тэтгэвэр л түлхүү нэмэгдсэн. Иймээс Их тэнгэрт хэлэлцэх тэтгэврийн шинэчлэлээр зөрүүг арилгаж чадах уу гэдэг нь ахмад настнуудын анхаарлыг хамгийн ихээр татаж байна.
Их тэнгэрт болох өргөтгөсөн хуралдаанд Засгийн газар тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой таван хувилбарыг танилцуулна. УИХ дахь МАН-ын бүлэг түүнээс сонголт хийн, аль хувилбарыг авахаа санал хурааж шийдэх юм.
Холбогдох албаныхны өгсөн мэдээллээр тэтгэвэр нь тогтоогдох ёстой хэмжээнээсээ багаар тогтоогдсон 162 мянган ахмад настны асуудал эхлэн хөндөгдөх нь.
Улсын хэмжээнд 524,7 мянган иргэн тэтгэвэр авч буй. Тэднээс 162 мянган иргэний тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал хөндөгдвөл үлдсэн нь гомдол тээнэ. Иймээс эрх баригчид эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх хувилбарыг барьж мэдэхээр байна. Гол нь энэ тохиолдолд улсын төсөв тэтгэврийн нэмэгдэлд шаардагдах эх үүсвэрийг нь дааж чадах уу гэдэг асуудал ч давхар хөндөгдөнө.
Гэвч ердөө жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ахмадуудын тэтгэврийг нэмж, саналыг нь авах арга замыг эрэлхийлэхгүй бол авлига хээл хауульдаа идэгдсэн Ардыэн намыг аврах төлөвлөгөө байхгүй болсон. Иймээс ахмадуудаа тэтгэврээр нь дамжуулан тойглохоор эрх баригчид Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан зарлалаа.

Г.ХОРОЛ