Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр, ёслолын арга хэмжээ өргөн дэлгэр болж, тус аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, төрийн байгууллагын үе үеийн ахмад ажилтнуудаа хүндэтгэн алдаршуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Энэхүү түүхт ойг тохиолдуулан Шүүхийн ахмадын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавьяат хуульч Д.Гансүх Хэнтий аймгийн шүүхийн ахмад ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, Шүүхийн ахмадын холбооны Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа нийт ахмад шүүгч, ажилтан, албан хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Энэ үеэр шүүхийн байгууллагад 20-30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, байгууллагынхаа хэвийн үйл ажиллагааг ханган ажилласан захиргаа, үйлчилгээний ажилтан Готовын Дуламсүрэн, Бадраагийн Дулмаа нарт Шүүхийн ахмадын холбооны “Хүндэт тэмдэг” болон мөнгөн шагнал гардуулж, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн хүндэтгэл үзүүлэв.
Мөн Б.Дэнсмаа тэргүүтэй Хэнтий аймгийн шүүхийн ахмадын салбар зөвлөлийн үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөж, ахмадын холбооны ажил, санаачилгыг дэмжин, хувийн зүгээс мөнгөн хандив өргөж, ахмад гишүүдийн баяр дээр баяр нэмэн, тэдний идэвх санаачилгыг урамшууллаа.
Түүнчлэн Хэнтий аймгийн шүүхийн үе үеийн ахмад ажилтнуудаас төр, ард түмнийхээ төлөө олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, эх орон, салбарынхаа хөгжилд оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн төрийн дээд одон, медалиар шагнагдсан ахмадуудаа онцлон баяр хүргэлээ.
Тухайлбал, шүүгч асан Лодойн Цэрэндулам, захиргааны ажилтан Пагамын Баяраа нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Ерөнхий шүүгч асан Норовын Лхагвадорж, ажилтан Ханджавын Шүрэнтогоо нар “Алтан гадас” одон-гоор энгэрээ мялаасанд халуун баяр хүргэж, эрүүл энх, урт удаан насалж, үр хүүхэд, хойч үедээ үлгэр дуурайл болсон ахмад буурлуудынхаа үйлс бүтээл арвин байхыг хүсэн ерөөлөө.
Шүүхийн ахмад үеийнхний хөдөлмөр зүтгэл, үнэтэй туршлага, сургамж нь залуу үеийнхэнд өвлөгдөн үлдэх чухал үнэт зүйл билээ. Иймд ахмад шүүгч, ажилтан, албан хаагчдаа хүндэтгэн дэмжиж, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, үе үеийн шүүхийн ажилтнуудын залгамж холбоог бэхжүүлэх нь Шүүхийн ахмадын холбооны эрхэм зорилгын нэг юм.
Хэнтий аймгийн шүүхийн ахмад ажилтнуудынхаа түүхэн гавьяа, хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, тэдэнд хүндэтгэл үзүүлсэн энэхүү үйл ажиллагаа нь ахмад үеэ дээдлэх, тэдний хөдөлмөрийг алдаршуулах, залуу үедээ үлгэр дуурайл болгон өвлүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Хэнтий аймгийн шүүхийн үе үеийн ахмад ажилтнууддаа эрүүл энх, аз жаргал, урт удаан насалж, үр хүүхэд, ач зээ нарынхаа түшиг тулгуур болон өнөр өтгөн, өнөд жаргалтай байхыг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн: МУГХуульч Д.Гансух.