Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Статистикийн газартай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улс дахь эмэгтэйчүүд, охидын амь насанд халдсан үзүүлэлтийг тооцох судалгааны төслийг багийнхныг хүлээн авч, уулзлаа.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Мэдээллийн технологийн газрын дарга Э.Амарсанаа, Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ханддулам, Баянзүрх дүүргийн ЭХАШШ-ийн хэлтсийн дарга Б.Оч, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны хөтөлбөрийн мэргэжилтэн Хансол Жунг, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны судлаач Клаудиа Понтоглио, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын судлаач, өгөгдлийн мэргэжилтэн Юнкоо Ли, Сужунг Ан, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Монгол Улс дахь төслийн зөвлөх, доктор (Ph.D), профессор Ш.Чулуунбат нар байлцав.
Энэ үеэр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан Хүнийг алах гэмт хэргийн статистик үзүүлэлтийг нэгдсэн байдлаар үнэлэх, тооцох аргачлалд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор НYБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага (UN-Women) хамтран эмэгтэйчүүд, охидын амь насанд халдах хэргийн статистик үзүүлэлтийг тооцох шинэ аргачлалыг боловсруулах талаар санал солилцлоо.
Энэхүү аргачлал нь эмэгтэйчүүд, охидын амь насанд халдсан гэмт явдлын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тодорхойлох, статистик өгөгдлийг цуглуулахад дэлхийн Улс орнуудад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгыг агуулжээ. Тус аргачлал нь энэ төрлийн гэмт явдлыг сэдэлжүүлэгч үндсэн хүчин зүйлийг илрүүлэх, түүнд дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх арга замыг оновчтой тодорхойлоход түлхэц үзүүлэх юм.
Хэвлэл мэдээллийн хэлтэс