Монголын Шүүхийн тод гэрэлтэх "Од"


Хуваалцах


Монголын Шүүхийн  тод гэрэлтэх “Од”

 

 

                                          Хөрөг тэмдэглэл                                                Хэрлэн сум

 

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өргөмжлөгддөг хуульчдын ноён оргил болох эрхэм хүндтэй, нэр төртэй, хүн бүрт тохиохгүй ховорхон алба бол шүүгч...

Эрч хүч, онол, практикийн өргөн мэдлэг, чадвар, цаглашгүй их хөдөлмөрч, үнэнийг дэнслэгч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Борын Дэнсмаа гэх эрхэм сайхан эмэгтэйтэй танилцаж, баяр гуниг, амжилт ололтоо хуваалцсаар хэдийнээ 28 дахь хавартайгаа учран золгожээ.

Надаас хэдийгээр дүү ч гэсэн төгсөлтийн найзын минь эхнэр олон жил хамтран ажилласан  учраас  “найзаа” гэж бие биедээ сэтгэлээсээ хандан харцаараа л  бие биесээ ойлгон түүнийг би “Дэ” л гэж дуудна. 

Иймээс түүнийхээ ажил амьдралын талаар өөрийн чадах чинээгээрээ түмэн олныхоо сонорт хүргэхээр зорьсон минь энээ. 

Өмнийн цэнхэр говийн алаг нүдэн бор охин 1972 онд ардын сургуулийн алтан босгыг алхан орсноор Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн сургуулийг амжилттай дүүргэж инженер болохыг хүсч байсан хэдий ч аавынхаа “Эрх зүйч гэж сайхан мэргэжил байна” гэж зөвлөснөөр энэ л замыг сонгож шүүгч болох эхлэл нь тавигджээ. 

Тэр ОХУ-н Эрхүүгийн Улсын Их сургуулийн хуулийн ангийн Сүхбаатарын нэрэмжит цалинтай сургуулийн шилдэг оюутнуудын нэг билээ.

Миний л мэдэхийн  оюутан цагийн “Улаан обшак”-ын сайхан найзуудаа үргэлж бахархан дурсдаг бөгөөд 27 жилийн дараа Эрхүү хот, эрдэмт багш нар, оюутнуудтайгаа дахин уулзаж, дуу хуур дурсамж яриа өрнүүлэн багш нартаа хүндэтгэл үзүүлэн, урлагийн үзлэгт дуулдаг байсан “Мөнх цастай” дуугаа дуулалдан, оюутны байрандаа хөгжилдөн клипний зургаа татуулж, курсийнхнийхээ сайн сайхан явааг нүдээр харж, уулзан учирч, уяран хайлж яваад ирснээ нүдэнд харагдтал хуучилж байсан нь одоо ч миний сэтгэлд тодхон үлджээ. Дэ маань эмээ, өвөөтэйгөө өссөн болоод ч тэрүү мэддэг чаддаг бүхнээ бусдадаа үнэн сэтгэлээсээ харамгүй тусалж зааж зөвлөдөг бөгөөд ямар сайндаа  л ангийнхан нь “Курсийн ээж” гэж эрхэмлэн дууддаг билээ. 

Бас тэгээд ангийнхнаасаа хамгийн түрүүнд эмээ болсон гээд л  онгирчихно...

Тэрээр 1989 онд Улсын Дээд Шүүхийн томилолт өвөртлөн ирж Дундговь аймгийн шүүхийн хэсгийн ардын шүүхийн шүүгчээр анх ажилд орсноос хойш эдүгээ 35 жилийг ардаа орхиж, Монгол Улсын шүүхэд тэр тусмаа “Хэнтийн Дэнсмаа” гэх нэрээрээ алдаршжээ. 

1996 оноос Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч,  2007 оноос  Хэнтий аймгийн давж заалдах шатны, 2013 оноос Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2016 оны 06 дугаар сараас Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчээр одоог хүртэл нэр төртэй ажиллаж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх, шүүхийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд ойлгуулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, үнэн зөв мэдээллээр хангахад шударга үнэний дуу хоолой, эрч хүчний ундарга, онол практикийн өндөр мэдлэгтэй, төв шударга, түмэн олондоо нэр хүндтэй шилдэг тэргүүний шүүгч юм.  

Ажил амьдралын туршид гарыг нь ганзаганд хүргэсэн хайртай аав, ээж, эмээ, өвөө нараараа, сайхан хамт олноороо үргэлж бахархаж өдий зэрэгтэй сайн сайхан яваа ололт амжилт бүхэн минь тэдний минь ач буян гэж ярих дуртай. 

Дундговийн шүүхэд анх ажлынхаа гарааг эхлэхээр очиход нь тосч авсан шүүхийн дарга М.Жанчив, орлогч Ж.Батхүү гуай, шүүгч С.Оюунцэцэг, Хэнтий аймгийн шүүхийн дарга Б.Баатар /гавьяат хуульч/, ерөнхий шүүгч Н.Лхагвадорж,  Ц.Оч, А.Энхбаатар, Г.Болормаа, шүүгч Б.Сүхгомбо, О.Баатарсүх, Я.Алтаннавч, Д.Ганзориг, П.Цэцэгдулам, Х.Оюунжаргал, Л.Цэрэндулам, Г.Балжмаа, шүүгчийн туслахаар ажиллаж байгаад шүүгчээр дэвшин ажиллаж байгаа Ц.Мөнхтулга, Т.Ариунболд, П.Туяа, өмгөөлөгч Э.Түвшинбаяр, М.Билгүтэй, прокурор Н.Мөнгөнцэцэг, Амгалан гээд л дурдаж баршгүй олон сайхан хүмүүсээрээ бахархана. 

Б.Дэнсмаа нь нөр их ажлынхаа хажуугаар эрүүгийн эрх зүйн сургагч багшаар ажиллан, гурван ч номын хамтран зохиогч болж, мэргэжил нэгтнүүддээ олон олон сургалтыг зохион байгуулж, Удирдлагын академийг төрийн удирлагын менежерээр төгсч, Тайвань,  Герман, Туркийн сургалтад тус тус хамрагдсан төдийгүй Монгол Улсын шүүхийн Мэргэжлийн болон Сахилгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байсан одоо ч Шүүхийн ёс зүйн зөвлөх хорооны гишүүнээр ажилладаг. 

Чөлөөт цагаараа спортод дуртай тэр дундаа гар бөмбөг, сагс, ширээний  теннис тоглон улс бүсийн тэмцээнд оролцож багаараа алт, мөнгөн медалийн эзэн болж байсан түүхтэй төдийгүй үнээ малаа сааж, хүнсний ногоо тарьж  амттан шимттэнээр орсон гарсныг дайлна.  

“Дэ”-гийн маань ханийг Равжирын Зоригоо гэдэг. Тэд 1983 онд Өвөр Жанчивланд танилцаж 40 жил ханилан, 3 сайхан хүүхдийн эцэг, эх, 6 зээгийн эмээ өвөө болжээ. 

Хоёр охин нь хятад хэлний орчуулагч, шүдний эмч, хүү нь барилгын инженер мэргэжил эзэмшиж мэргэжлээрээ тус тус ажиллацгааж байгаа. Түүний хадам аав Равжир нь багш сурган хүмүүжүүлэгч байсан болохоор хүүхдүүдийнх нь сурч боловсрох, “хүн байх”-ын учир ухааныг зааж сургаж байсан, ханийнхаа энэ их ажлын төлөө зүтгэхэд сайн ар тал болж сэтгэл зовж, шаналах зүйлгүйгээр дэмжиж тусалж байсныг байнга талархаж ярина.

“Дэ” маань зорилго зорилтоо тодорхойлж, түүндээ хүрэхийн төлөө хичээнгүй тууштай хөдөлмөрлөж ажиллахыг залуучуудад зааж зөвлөхийн зэрэгцээ өөрөө шинийг сурах, шинэ шинэлэг зүйлийг санаачлах, хэрэгжүүлэх, үр дүнгийг нь үзэх дуртай.

Б.Дэнсмаа нь Монголын хуульчдын холбоо, Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан. 

Хорин тавхан настай цэл залуухан шүүгч хамгийн анх Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэж байснаас хойш өнөөдрийг хүртэл өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг тогтоох үйлсэд өөрийн бүхий л оюун ухаан, эрч хүч, хөдөлмөрөө дайчлан ажилласаар гуних завгүй 35 жилийг ардаа үдсэн хэлэх үгтэй, хийж бүтээсэн гавьяатай эрхэм хүндтэй нэгэн юм.

“Дэ” маань Монгол дээлээрээ гоёх дуртай, хэт гоё ганган, чамин зүйлд татагдан шунаж тэмүүлдэггүй, мөнхийн залуу сэтгэлгээтэй, хөнгөхөөн наргианч, бусдын сайн сайхныг олж харан эрч хүч, урам хайрладаг гэгээлэг, гэрэл цацруулсан эмэгтэй дээ.

Тэр ийм л эгэл даруухан, эрхэмсэг бөгөөд тансаг, төр засаг, түмэн олондоо нэр хүндтэй, цэгц шулуун, оюунлаг, Шүүх хэмээх том айлын нөр их ажлыг нэр төртэй үүрч яваа Монголын шүүхийн тодоос тод гэрэлтэх “Од” юм аа. 

 

Ширээ сандал нь төрийнхөө сүлдийг онголсон

Шийдвэр тогтоол нь улсынхаа нэрээр овоглосон

Өмсгөл ёслол нь төрийнхөө сүрийг бэлэгдсэн

Үзэглэн ярих нь хуулийнхаа үгээр бичигдсэн

Их Засгийн заргач Шихихутагийн залгамж

Эрхт төрийн түшээ эрхэм хүндтэй ШҮҮГЧЭЭ.

 

 

 

Ахмад шүүгч Б.Сүхгомбо    2024-03-27

 

 


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол