Нээлттэй нийгэм форум болон "Оюуны инновац" ТББ-аас хоёр жил тутамд гаргадаг “Монгол Улсын шүүхийн индекс”-ийн гурав дахь удаагийн судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Шүүх эрх мэдлийн салбарын үйл ажиллагааг 100 онооны системээр, 6 үндсэн хэмжигдэхүүн буюу шүүхийн эрх мэдэл, ил тод байдал, олон нийтийн итгэл, дэд бүтэц, ёс зүй, үр ашиг зэргээр үнэлдэг тус индекс 2021 онд 51.94, 2023 онд 53.22 байсан бол 2025 оны эцсийн байдлаар 57.33 болж тасралтгүй өссөн байна.
2021 онд 51,94, 2023 онд 53,22 оноо авч байсан бол энэ удаад өмнөх үнэлгээнээс даруй 4,11 оноогоор ахисан үзүүлэлттэй байна. Энэхүү ерөнхий оноо нь дараах агуулгын хүрээнд хэмжигддэг.
Үүнд:
Шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал;
Шүүхийн нээлттэй, ил тод байдал;
Шүүхэд итгэх олон нийтийн итгэл;
Шүүхийн дэд бүтэц, нөөц;
Шүүгчийн ёс зүй, хариуцлага;
Шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа хамаарна.
Дээрх 6 үндсэн хэмжигдэхүүн нь 42 дэд хэмжигдэхүүн, 111 шалгуур үзүүлэлтийн хүрээнд задардаг. Түүнчлэн судалгааны өгөгдөл нь 21 аймаг, нийслэл хотын төлөөлөл нийт 2000 гаруй иргэнийг хамруулсан санаа бодлын асуулга, 500 гаруй хуульч, мэргэжилтнүүдийн үнэлгээ болон шүүхийн захиргааны статистик мэдээлэл, факт баримт гэсэн үндсэн гурван эх сурвалжаас бүрддэг байна.




