Шүүхийн ахмадуудын холбооны Удирдах зөвлөлийн 2026 оны анхны хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11:00 цагт Холбооны байранд боллоо. Хуралдааныг Холбооны тэргүүн, профессор Н.Лүндэндорж даргалан явуулав. Хуралдаанд Удирдах зөвлөлийн гишүүн, Холбооны ажлын албаны дарга Б.Сарантуяа, Удирдах зөвлөлийн гишүүн, ажлын албаны менежер Д.Дамдин-Од, Удирдах зөвлөлийн гишүүн, Төв аймаг дахь шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн С.Бямбаа, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Бямбахорлоо нар оролцов. Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гансүх шүүх хуралдаан давхацсаны улмаас оролцоогүй болно.
Хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэв. Үүнд:
Нэгдүгээр асуудал:
Ахмад настны тухай хууль, Төсвийн тухай хууль, “Ахмадын сан байгуулан ажиллуулах журам”-ын тухай Засгийн газрын 243 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Ахмадын сан”-д ШЕЗ- ийн нийт цалингийн сангийн 3 хүртэлх хувийг төвлөрүүлэх саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх тухай танилцуулгыг хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлаар Удирдах зөвлөлийн тогтоол гаргав.
Хоёрдугаар асуудал:
Тэргүүний салбар зөвлөл шалгаруулах Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагчаар Д.Дамдин-Од, гишүүдээр Б.Бямбахорлоо, Д.Тайванхүү нарыг томилж, холбогдох тогтоол гаргав.
Гуравдугаар асуудал:
Шагнаж урамшуулах тухай асуудлыг хэлэлцэв. Холбооны үйл ажиллагаанд тогтмол дэмжлэг үзүүлж, Ахмадын салбар зөвлөлийн гишүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд санаачилгатай ажилласан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Болор, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дарга С.Нэргүй, мөн Холбооны цахим шуудан, цахим хуралдааны зохион байгуулалтад идэвх зүтгэл гарган ажилласан Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээлэл технологийн хэлтсийн референт Б.Лхагвасүрэн нарыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулахаар шийдвэрлэв.
Дөрөвдүгээр асуудал:
Удирдах зөвлөлийн гишүүн Б.Нарантуяа эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Удирдах зөвлөлийн гишүүнийг нөхөн сонгох сонгуулийг явуулав. Нөхөн сонгуулийг Удирдах зөвлөлийн гишүүн С.Бямбаа хариуцан зохион байгуулж, нийт 37 салбар зөвлөлөөс нэр дэвшсэн Д.Тайванхүү, Н.Чулуунжав, Ц.Батсүрэн, Д.Сувдаа нарын талаарх мэдээллийг танилцууллаа. Нэр дэвшигч Ц.Батсүрэн, Д.Сувдаа нар нэрээ татсан тул хуралдаанд оролцсон Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн гишүүн Доржийн Тайванхүүг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгов.
Энэхүү шийдвэрийг Холбооны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.14. дэх хэсгийг үндэслэн Удирдах зөвлөлийн тогтоолоор баталгаажуулав.
