Өмнөговь аймгийн Ахмадын салбар зөвлөлийн мэдээ. Сар шинийн баярыг тохиолдуулан Өмнөговь аймгийн шүүх-ийн ТГ дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн гишүүд 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн шүүгч, ажилтнуудтай хамтран уламжлалт золголтоо зохион байгууллаа.
Шагнал гардуулах ёслол боллоо
Золголтын үеэр Шүүхийн ахмадын холбооны (ШАХ) хүндэт тэмдгээр шагнагдсан ахмад настан Бавын Бямбаад шагналыг Шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхтүвшин гардуулан өгч, түүний ажил хөдөлмөрийн замнал, хамт олондоо оруулсан хувь нэмрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Мөн тус шүүхээс хоёр ахмад ШАХ-ы хүндэт тэмдгээр шагнагдсаны нэг болох ахмад гишүүн Х.Чимид нь Баян-Овоо сум-д оршин суудаг тул шагналыг сумын Засаг даргад хүргүүлж, сумын иргэдийн шагнал гардуулах ёслолын үеэр албан ёсоор гардуулсан байна.
Ахмад настнууд ШАХ-ы Удирдах зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлж байгаагаа уламжиллаа.
2025 оны тайлан, 2026 оны зорилт.
Золголтын дараа ахмадын салбар зөвлөлийн гишүүд 2025 онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа хэлэлцэж, 2026 онд зохион байгуулах үйл ажиллагааны чиглэл, зорилтын талаар санал солилцсон байна.
Түүнчлэн ахмадуудын гаргасан саналын дагуу Энэрэл Хүний хөгжил төв-ийн харьяа Энэрэл Уламжлалт Сэргээн засах төв-д 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр цаг авч, ахмадуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар шийдвэрлээд байна.
Хүндэтгэл үзүүлэв
Мөн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.
Ийнхүү Өмнөговь аймгийн шүүхийн ахмадууд уламжлалт золголтоо зохион байгуулж, шагнал урамшуулал гардуулахын зэрэгцээ ирэх жилийн ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн, ахмад настнуудынхаа эрүүл мэнд, нийгмийн баталгааг дэмжих бодит арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.


Ахмадын салбар зөвлөл.