Эрхэм хүндэт ахмад шүүгчид, шүүхийн үе үеийн ажилтан, албан хаагчид аа!
Та бүхний өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль ёс, шударга ёсыг эрхэмлэн, төр, түмнийхээ итгэлийг дааж ирсэн олон жилийн хөдөлмөр зүтгэл бол Монголын шүүхийн түүхийн салшгүй хэсэг, хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэт өв билээ.
Өнгөрсөн зуун жилийн түүх бол зөвхөн шүүх байгууллагын хөгжлийн түүх төдийгүй, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхийн төлөө үе үеийн шүүгч, ажилтнуудын сэтгэл зүрх, оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн түүх юм.
Энэхүү түүхэн замналыг бүтээлцэж, шүүхийн нэр хүнд, үнэ цэн, ёс зүйн эрхэм уламжлалыг хадгалан хамгаалж ирсэн ахмад буурлууд Та бүхнээрээ бахархаж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Түүхт 100 жилийн ойн баярын энэ өдөр Та бүхэндээ эрүүл энх, урт удаан нас, аз жаргал, амар амгалан, үр хүүхэд, ач зээ нарынхаа хайр хүндлэл дунд өнөр өтгөн, өнө мөнх жаргалтай амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Хууль ёс нь батжин бэхжиж,
Хүний эрх, эрх чөлөө нь хамгаалагдаж,
Шударга ёс нь мөнхөд мандан бадарч,
Монголын шүүхийн нэр хүнд үеийн үед өндөр байх болтугай!
Төрийн хууль нь тэгш үйлчилж,
Түмний итгэл нь бат оршиж,
Шударга ёсны үйлс нь үеийн үед дэлгэрч,
Монгол Улс минь хөгжин дэвжих болтугай!
Эрхэм хүндэт ахмад шүүгч, шүүхийн үе үеийн ажилтан, албан хаагч Та бүхэндээ түүхт 100 жилийн ойн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхний үеийн үед бүтээсэн хөдөлмөр, өвлүүлсэн үнэт зүйлс мөнхөд дурсагдаж, Монголын шүүхийн түүхэнд гэрэлтэн үлдэх болтугай!
Хүндэтгэсэн: МУГХуульч Б.Сарантуяа.