Олон улсын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос үе үеийн ахмад өмгөөлөгчдөдөө хүндэтгэл үзүүлж, тэдний олон жилийн хөдөлмөр, зүтгэл, мэргэжлийн үйлсэд оруулсан хувь нэмрийг нь алдаршуулах арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Солонго нар оролцож, ахмад өмгөөлөгчдөдөө мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Тус арга хэмжээд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ахмадын хороонд албан ёсоор бүртгэлтэй 103 ахмад өмгөөлөгчөөс 70 гаруй ахмад өмгөөлөгч хүрэлцэн ирж, нэгэн дор хуран цуглан дурсамж, түүх, ажил амьдралынхаа сайхан мөчүүдээс хуваалцсан юм.
Мөн арга хэмжээний үеэр Монгол Улсын Гавьяат хуульч Я.Нямжав ахмад өмгөөлөгчдөдөө хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа. Тэрбээр энэхүү эрхэм хүндэт цол хүртсэн баярт үйл явдлаа ахмадуудтайгаа хамтдаа тэмдэглэж, олон жил өмгөөллийн салбарт өөрийн мэдлэг оюунаа дайчилж, залуу үеийнхэндээ үлгэр жишээ болж байгаа ахмад өмгөөлөгчдөдөө талархал илэрхийлсэн юм. Ахмад өмгөөлөгчдөө хүндэтгэн, баяр хөөрөө хамтдаа хуваалцсан Я.Нямжав өмгөөлөгчдөө болон ахмад өмгөөлөгчдөд зориулан хандив өргөж, ахмад үеэ хүндэтгэх үйлсэд сэтгэл, зүтгэлээ зориулсан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Буянтын Солонго, Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Энхбаатарын Билгүүн нартаа гүн талархал илэрхийлье.
Өмгөөллийн салбарт олон жил ажиллаж, Монголын өмгөөлөгчдийн байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, хойч залуу үеэ сургаж, мэргэжлийн мэдлэг, туршлагаа өвлүүлж, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрхэм үйлсэд зүтгэсэн ахмад өмгөөлөгчдөдөө эрүүл энх, урт удаан насалж, үр хүүхэд, ач зээ нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээн аз жаргалтай амьдрахын өлзийтэй ерөөлийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт өмгөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.






















МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО