Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ахмад шүүгч, Монгол Улсын Гавьяат хуульч С.Батдэлгэрийг Сүхбаатарын одонгоор шагналаа.
Сүхбаатарын одон гардаж авсан ахмад шүүгч С.Батдэлгэрийг Улсын дээд шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр тэргүүтэй танхимын шүүгч нар, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр болон Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг нар баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Ахмад шүүгч С.Батдэлгэр нь 1987 оноос шүүхийн салбарт 38 жил хөдөлмөр бүтээлээ зориулахдаа Эрдэнэт хотын шүүх, Октябрийн районы ардын шүүх, Нийслэлийн шүүх, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр тус тус ажилласан билээ.
