
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн болон Ц.Оч нар 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр оролцлоо.
Уг үйл ажиллагаанд үндсэн илтгэгчээр Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн оролцож, “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль зүйн үндэслэл, ач холбогдол” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.
Тэрбээр "Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлаа дээрдүүлж, урьдчилан тооцсон, хүлээн зөвшөөрсөн төрөл, хэмжээний эрүүгийн хариуцлага хүлээх, мөрдөх болон яллах чиг үүрэгтэй байгууллагын хувьд хэргийг нотлох, шүүхийн өмнө яллагдагчийн гэм бурууг батлах чиг үүргээ хөнгөвчлөх, нотолгооны стандарттай холбоотой гарч болзошгүй эрсдэлийг багасгах, хохирогчийн хувьд зөрчигдсөн эрхээ богино хугацаанд сэргээлгэх, хохирлоо нөхөн төлүүлэх давуу талтай. Мөн шүүхийн байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбарчилж явуулснаар түүнд зарцуулах цаг хугацаа, зардлыг хэмнэх, цаашилбал шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг бий болгодог.

Гэхдээ эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардаж, албадаж болохгүйгээс гадна яллагдагчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэгт хэт автаж, ял завших, шударга ёс алдагдах нөхцөлийг бий болгож болохгүй.
Тиймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар прокурорын гаргасан санал нь шударга ёсны зарчмаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх учиртай. Түүнчлэн эрүүгийн хэрэгт ял оногдуулах аргачлал, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх ажиллагаанд өмгөөлөгч томилж оролцуулах журмыг батлахаас гадна хялбар ажиллагаанд томилогдон оролцох өмгөөлөгчийн жишиг хөлсийг баталж, шаардагдах зардлыг төсөвт суулгах, гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг шийдвэрлэсний дараа иргэний хэргийн шүүх шийдвэрлэх нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой" гэдгийг онцлов.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын дээд шүүх, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд болон мэргэжилтнүүд оролцсон юм.
Энэ үеэр хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэрэгцээ шаардлага, онцлог, тулгамдаж буй асуудал, хууль зүйн үндэслэл, ач холбогдол, хэрэглээ, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцож, хэлэлцүүлэгт танилцуулсан мэдээлэл, саналыг үндэслэн, эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр хамтарсан зөвлөмж гаргахаар тогтов.