Эрүүл мэндийн тухай хуулийн 24.3-т "Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй
тусламж, үйлчилгээний журам, жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төлбөрийн жишиг хэмжээг санхүүгийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална" гэж заасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/216 дугаар тушаалаар Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам баталсан нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй.
Тэгвэл төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн төлбөртэй тусламж, үйлчилгээний журам болон тариф тогтоосон шийдвэрүүдийг АТГ-аас хянаж, зөрчилтэй дүрэм, журам, шийдвэрийг хүчингүй болгуулах ажлыг зохион байгуулжээ. Тодруулбал, Геронтологийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ), Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ), Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), Хүүхдийн төв сувилал, “Амгалан” амаржих газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Эмгэг судлалын үндэсний төв зэрэг эмнэлэг төлбөртэй тусламж үйлчилгээний журмыг давхардуулан баталсан байсан. Түүнийг хүчингүй болгуулахаар АТГ-аас зөвлөмж хүргүүлсэн байна. Тухайлбал, “Амгалан” амаржих газрын захирлын 2022 оны А/21 тушаалаар баталсан Төлбөрт үйлчилгээний төлбөрийг төвлөрүүлэх журам, ГССҮТ-ийн захирлын 2022 оны А/163 тушаалаар баталсан Төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний журам, Геронтологийн үндэсний төвийн захирлын 2022 оны А/35 тушаалаар баталсан Төлбөртэй үзүүлэх тусламж, үйлчилгээний журам, СЭМҮТ-ийн захирлын 2023 оны А/14 тушаалаар баталсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, УНТЭ-ийн захирлын 2022 оны А/170 тушаалаар баталсан Тусламж үйлчилгээний санхүүжилтийн журам, УГТЭ-ийн захирлын 2022 оны А/141 тушаалаар баталсан Эмнэлгийн төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний журам, ХӨСҮТ-ийн захирлын 2022 оны А/184 тушаалаар баталсан Халдварт өвчин судлалын үндэсний төвийн төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, Хүүхдийн төв сувиллын захирлын 2022 оны А/56 тушаалаар баталсан Хүүхдийн төв сувиллаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний журам, Эмгэг судлалын үндэсний төвийн захирлын 2023 оны А/12 тушаалаар баталсан Эмгэг судлалын тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлэх журам нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.
Эрх бүхий этгээдээс баталсан төлбөрийн жишиг хэмжээг зөрчиж, үндэслэлгүйгээр тогтоосон эмнэлгүүдээс жишээлбэл, Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирлын тушаалаар зүрхний эхог 40 000, хэвлийн хөндийн хэт авиан оношилгоог 25 000, бамбай, үений хөндийн эхог 25 000, тархины судасны допплерографиг 40 000 төгрөгөөр тус тус тогтоосон байсан. Энэ нь Сангийн болон Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан төлбөрийн жишиг хэмжээнд 15 000 төгрөгөөр тогтоосон журмыг зөрчиж, төлбөрийг 10 000-25 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байжээ.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй зарим байгууллагаас үзлэгийн төлбөрийг эмчийн ахлах, тэргүүлэх болон клиникийн профессорын, зөвлөх эмчийн, Гавьяат эмчийн, анагаах ухааны докторын үзлэг гэх мэтээр ялгаатай тогтоосныг мөн хүчингүй болгуулсан байна. Жишээ нь, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны хамтарсан тушаалаар хүчингүй болгосон шийдвэрийг баримтлан “Амгалан” амаржих газар, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, ГССҮТ, ХӨСҮТ эмнэлгийнхэн Гавьяат эмч, анагаах ухааны доктор, зөвлөх эмчийн үзлэгийг 35 000, тэргүүлэх зэрэгтэй клиникийн профессор эмчийн үзлэгийг 25 000, бусад их эмчийн үзлэг, зөвлөгөөг 15 000 төгрөг гэх зэргээр ялгаатай тогтоосон байсныг хууль журамд нийцүүлсэн аж. Уг нь Сангийн болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 264/А/293 тоот тушаалаар батлан мөрдөж байсан Эмчийн үзлэгийн төлбөрийн жишиг хэмжээг тухайн салбарын сайд нарын 2022 оны 49.А/118 дугаар тушаалаар хүчингүй болсон байдаг. 2022 оноос мөрдөж буй журмын дагуу бол ахлах, тэргүүлэх, профессор, доктор, Гавьяат эмчийн үзлэгийн төлбөрийг ялгавартай тогтоогоогүй гэж АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Нарантуяа "Өнөөдөр" сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.