Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт тамгаа гардаж авснаас хойш 90 хоногийн дараа сэтгүүлчидтэй нээлттэй, нүүр хагарах уулзалт хийв. Урьд өмнөх Ерөнхий шүүгч нар хэвлэлийг урьж байгаад ингэж “зангиагүй” уулзаж байсан уу, мэдэхгүй.
Тэрбээр шүүх системийг ерөнхийд нь зураглахдаа шүүх эрх мэдлийн байгууллагууд хоорондоо учир зүйгээ олох, уялдах шаардлага бий. ШЕЗ гэхэд хариуцлага, хяналт чиглэлд илүү анхаарах ёстой. Ингээд хоорондоо нягт хамтарч ажиллана гэхээр хуйвалдах нь, эрх мэдлээ булаацалдах нь гэж шүүмжилдэг. Гэтэл шүүхэд ямар ч эрх мэдэл байхгүй. Одоогоор бол шалан дээр унасан нэр хүнд л байна. Цөөн хүний хариуцлагагүй үйлдлээс болж ямар ч эзэн биегүй “шүүх” хэмээх том сав руу бүх болж бүтэхгүйг хольж хутгаад чичилж болохгүй. Нийтийн албанд нийтийн төлөө ажиллах учиртай.

Шүүх юу хийх вэ гээд байдаг. Шүүх ямар ажил хийх нь хуульд тов тодорхой бий. Харин тэр зорилгод яаж хялбар, зөв арга замаар хүрэх вэ гэдэг л чухал юм.
Шүүхийн төсөв мөнгө хэцүү байгаа. Үнэнийг хэлэхэд, шүүх эрх мэдлийн ноён нуруу Сангийн яаман дээр очоод хугардаг. Тэглээ гээд миний зарчим бол далд байдлаар төсөв хөрөнгө гуйхгүй. Ил л ярина.
Салбарын хүний нөөц маш хүнд байна. Сонгон шалгаруулалтад 1800 хүн оролцлоо гэхэд 10 хувь нь л тэнцэж байна. Шүүх хурал маш их хойшилдог боллоо. Энэ бүхнийг эргэж харж засаж сайжруулахаар ажиллаж байна.
За тэгээд удахгүй шүүхийн нээлттэй суваг ажиллаж эхэлнэ. Шүүх, хэвлэл дундын платформтой болно гэлээ.