Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгын бүрэн эрх дуусгавар болж, түүний оронд Д.Мөнхзоригийг томилжээ. Д.Мөнхзориг нь 1980 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн. Тэрбээр ШУТИС-ийн Компьютер, техник хангамжийн сургуулийг компьютерийн техник хангамжийн инженер, Удирдлагын академийг төрийн захиргааны менежер мэргэжлээр тус тус төгссөн байна. Мөн "Түшээ" дээд сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшиж, уг мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалжээ.

Д.Мөнхзоригийн хамгийн сүүлд мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгт өөрийн жилийн орлогыг 75 сая, гэр бүлийн орлогыг 15 сая төгрөгөөр мэдүүлсэн байна. Мөн нийтийн зориулалттай орон сууц нэг, авто зогсоол нэг, баригдаж дуусаагүй орон сууц нэгийг нийт 352 сая төгрөгөөр үнэлсэн бол автомашинаа 38 сая төгрөгөөр үнэлжээ. Түүнчлэн өмчлөх эрхтэй 4640 ам метр газар нэг, эзэмших эрхтэй 0.07 га газар хоёр байгаагаа нийт 50 сая төгрөгөөр үнэлж мэдүүлсэн байна. Хадгаламжийн үлдэгдэл 18 сая, дөрвөн төрлийн койн 16 сая төгрөгийн үнэлгээтэй, нийт 81 сая төгрөгийн зээлтэй хэмээн ХОМ-тээ тусгажээ.
Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь тус байгууллагын ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангах чиг үүрэгтэй. Уг албан тушаалд хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйч мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жилд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг томилохоор хуульд заасан байдаг. Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын санал болгосноор Ерөнхий зөвлөл томилж, чөлөөлдөг байна.