Монгол Улсад шүүхийн байгууллага үүсэж хөгжсөний түүхэн замнал, Ховд аймгийн шүүх байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан ойн баярын үйл ажиллагаа 2026 оны 8 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд Ховд аймагт өргөн дэлгэр, ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Тус түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч Ч.Хосбаяр, Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Мөнхдаваа нарын хүндэт зочид, төлөөлөгчид оролцов.
Мөн баруун бүсийн таван аймгийн Давж заалдах болон анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга болон ажилтнуудын төлөөлөл хүрэлцэн ирж, Ховд аймгийн шүүхийн 100 жилийн түүхэн ойд хүндэтгэл үзүүлэн оролцлоо.
Ойн баярын үйл ажиллагаанд Ховд аймгийн шүүхийн үе үеийн шүүгч, ажилтан, албан хаагчид урилгаар оролцож, өнгөрсөн 100 жилийн түүхэн замнал, өнөөгийн ололт амжилт, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал бодлоо хуваалцан, халуун дотно уулзалт, дурсамж яриаг өрнүүлсэн нь арга хэмжээний онцлох хэсэг байлаа.
Түүнчлэн Монголын шүүхийн ахмадуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, ахмад шүүгч, Монгол Улсын Гавьяат хуульч Д.Тайванхүү тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүдээ төлөөлөн ойн баярт оролцов. Энэ үеэр Монголын шүүхийн байгууллагын үе үеийн түүх, ахмад үеийнхний хөдөлмөр зүтгэл, хамт олны нандин дурсамж, шүүхийн хөгжлийн түүхэн замналын талаар халуун дулаан яриа өрнөж, үе үеийн шүүгч, ажилтнуудын уулзалт, дурсамж хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
Ховд аймгийн шүүхийн 100 жилийн ойн баярын үеэр шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрх зүй, шүүхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад шүүгч, ажилтнуудыг төрийн болон салбарын шагналаар шагнаж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн хүндэтгэл үзүүллээ.
Монголын шүүхийн ахмадуудын холбооны гишүүн ахмадуудаас:
• Ахмад шүүгч С.Долгорсүрэн — Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон;
• Ахмад ажилтан Ч.Баатар, Т.Дамиран — Алтан гадас одон;
• Ахмад ажилтан Х.Мөнхзаяа — Хөдөлмөрийн хүндэт медаль тус тус хүртлээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ховд аймгийн Засаг даргын нэрэмжит болон бусад шагналаар олон ахмад шүүгч, ажилтан шагнагдаж, тэдний олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэллээ.
Ховд аймгийн шүүхийн 100 жилийн түүхэн хугацааны 39 жилд нь тус шүүхэд ажиллаж, шүүхийн байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Гавьяат хуульч, ахмад шүүгч Д.Тайванхүүг Ховд аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан “Ховд аймгийн 100 эрхэм”-ийн нэгээр тодруулж, шагналыг гардууллаа.
Түүний олон жилийн хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, шүүхийн байгууллагад оруулсан хувь нэмэр, залуу хойч үедээ мэдлэг, туршлагаа өвлүүлэн үлдээж буй үйлсийг ийнхүү аймаг орон нутгийн удирдлагын зүгээс өндрөөр үнэлсэн нь ойн баярын нэгэн онцлох үйл явдал боллоо.
Монголын шүүхийн ахмадуудын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Ховд аймгийн шүүхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан хэдий ч залуу хойч үедээ арвин туршлагаа өвлүүлэн үлдээх, ахмад үеийнхнийхээ нийгмийн оролцоо, амьдралын чанарыг дээшлүүлэх үйлсэд идэвх санаачилгатай ажиллаж буй тус холбооны гишүүдийг шагналаа.
Үүнд О.Уламбаяр, Ч.Баатар, Ч.Чулуунбат, Т.Баатаржав нарын ахмад ажилтнууд багтсан бөгөөд шагналыг Монгол Улсын Гавьяат хуульч, ахмад шүүгч Д.Тайванхүү гардуулан өгч, баяр хүргэлээ.
Ховд аймгийн шүүхийн 100 жилийн ой нь тус шүүхийн түүхэн замнал, үе үеийн шүүгч, ажилтан, албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг эргэн дурсахын зэрэгцээ ахмад үеийнхний үнэтэй туршлага, залуу үеийн эрч хүч, шинэ үеийн хөгжлийн үзэл санааг холбон, цаашдын хөгжилд шинэ зорилго, зорилтыг тодорхойллоо.
Энэхүү 100 жилийн түүх нь зөвхөн нэг байгууллагын түүх бус, Ховд нутагт хууль ёс, шударга ёсыг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэсэн үе үеийн шүүгч, ажилтан, албан хаагчдын үнэтэй хувь нэмэр, нөр их хөдөлмөрийн түүх юм.
Ойн баярын үеэр ахмад үеийнхнийхээ ажил үйлс, амьдралын замнал, үнэтэй туршлагыг хүндэтгэн дурсаж, залуу үеийнхэндээ өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ шүүхийн байгууллагын цаашдын хөгжил, шинэ үеийн зорилго, зорилтыг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалт, арга хэмжээнүүд зохион байгуулагдсан нь онцлог байлаа.
Ховд аймгийн шүүхийн 100 жилийн ой нь өнгөрсөн түүхээ хүндэтгэн дурсаж, өнөөдрийн ололт амжилтаа үнэлж, ирээдүйн хөгжлийн замаа тодорхойлсон түүхэн тэмдэглэлт үйл явдал болж, үе үеийн шүүгч, ажилтан, албан хаагчдын эв нэгдэл, нөхөрлөл, хамтын ажиллагааг улам бататгалаа.
Түүхт 100 жилийн ойгоо нэр төртэй тэмдэглэн өнгөрүүлсэн Ховд аймгийн шүүхийн нийт хамт олон, үе үеийн ахмад шүүгч, ажилтан, албан хаагчид болон хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн нийт зочид төлөөлөгчдөдөө талархал илэрхийлье.




Хүндэтгэсэн: МУГХуульч Д.Тайванхүү.