Ахмадын хороодын дарга нар Монголын ахмадын холбооны санаачилгаар туршлага солилцох уулзалт хийлээ.


Хуваалцах


Өнөөдөр төрийн байгууллагуудын дэргэдэх Ахмадын хороодын дарга нар Монголын ахмадын холбооны санаачилгаар туршлага солилцох уулзалт хийлээ. Уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Батлан хамгаалах яам, Боловсролын яам, Гадаад харилцааны яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зам тээврийн яам, Сангийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яамны болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Ахмадын хорооны удирдлагууд оролцлоо.

Мөн Улсын ерөнхий прокурорын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Үндэсний аудитын газар, Цагдаа, дотоодын цэрэг зэрэг байгууллагуудын Ахмадын хороо, зөвлөлийн дарга нар оролцож Монголын ахмадын холбооны бодлого, үйл ажиллагаатай танилцахаас гадна өөрсдийн арга туршлагаасаа сонирхуулж, харилцан ярилцлаа. 
Оролцогчдыг төлөөлж Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга Б.Лхагва, тус хорооны Ахмадын хорооны дарга Б.Цэрэнханд, УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга асан Ш.Ринчин, Боловсролын яамны Ахмадын хорооны дарга Ц.Гэлэгжамц, Санхүүгийн зохицуулах хорооны Ахмадын зөвлөлийн дарга Б.Шаравсамбуу, МАН-ын дэргэдэх ахмадын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар үг хэлж бодлого, зорилт, төлөвлөн зохион байгуулж буй ажлууд, сайн туршлагаасаа хуваалцлаа. Боловсролын яамны Ахмадын хорооны хувьд харьяа ахмадуудынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудалд нь анхаарч ажиллахаас гадна салбарынхаа цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал боловсруулж, холбогдох хүмүүст уламжлан ажилладаг байна.

УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга асан Ш.Ринчин “Ахмадын хороо ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалж, тэдний төлөө үйл ажиллагаа явуулахад хамгийн нэгдүгээрт хөрөнгө мөнгө чухал. Хөрөнгөний эх үүсвэрийг бүрдүүлэх боломж нь Ахмадын сан байгуулах  явдал. Энэ асуудлыг Ахмад настны тухай хуулиар бий болгосон. Гагцхүү хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ. 
Б.Шаравсамбуу энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаад талархаад Ахмад настны хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. Мөн ахмадуудын амьдрал  хүнд байгаад зээлийн өндөр хүү маш их нөлөөлж байгааг тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд МАхХ-ны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар хэлсэн үгэндээ “Саяхан нийслэлийн дүүргүүд, зарим аймгийн ахмад настнуудын төлөөлөл Монголын ахмадын холбоонд хандаж дахин санал шаардлага тавьж, Удирдах зөвлөлийн гишүүдийн өргөтгөсөн хурал хийж, нийт аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа ахмадуудаа төлөөлж тэмцлээ үргэлжлүүлж, сар шинийн баяраас өмнө тэтгэвэр нэмэгдүүлэхийг шаардаж жагсахаа илэрхийлсний дагуу хэвлэлийн бага хурал хийхийг нь МАхХ дэмжсэн юм. МАхХ нь тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхдээ улс нийгэмдээ 30, 40 жил үр бүтээлтэй ажилласан, тухайн үедээ өндөр цалин, хөлс авч, илүү шимтгэл төлсөн хүмүүсийн тэтгэвэр бодох цалин, хөлсийг 1404000 төгрөгөөр хязгаарласан буруу шийдвэрээ цуцлах, тэтгэврийн талаар төрөөс баримтлах бодлогыг зөв тодорхойлж, шударга зарчим баримтлах гэсэн байр суурь хэвээр байгаа. Өвлийн ид хүйтэнд ахмад настнуудыг жагсаал цуглаанд уриалахгүйгээр МАхХ-ны урьд өмнө тавьсан шаардлагыг ханган биелүүлэхэд нийт ахмадууд анхаарлаа хандуулж байх талаар орон нутгийнхаа ахмад настнуудтайгаа уулзалт хийж ойлгуулан тэднийхээ санал, хүсэлт шаардлагыг дэмжиж ажиллахыг та нөхдөөс хүсье” хэмээн онцлов.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол