Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангахаар зурган мэдээллийг цувралаар бэлтгэн нийтэлдэг. Энэ удаа шүүхийн байр, орчин нөхцөлийн талаар зарим хуульчийн байр суурийг хүргэж байна.
Хуульч А.Базар:
Олон нийт тогтмол үйлчлүүлдэг анхан шатны шүүхүүдийн байр, орчин, нөхцөл хэцүү. Төсвийн мөнгөөр хөшөө барих биш ядаж хэдэн шүүхийн байр, танхимаа засах хэрэгтэй.
Хуульч Ц.Мөнхбат:
Олон Улсын стандарт, жишгийг харахад шүүхийн байр, орчин нөхцөл маш өндөр түвшинд хангагдсан байдаг. Тухайлбал, шүүхийн байр маш өндөр шаттай. Хэргийн оролцогч шүүхийн байр руу орохоор өгсөх, шийдвэр гарсны дараа буух замдаа сэтгэл зүйгээ бэлдэх, хэргээ бодитоор харах, тайвшрах зэрэг ач холбогдолтой байдаг.
Хуульч С.Халиунаа:
Монголд хуульч, өмгөөлөгчдийн ажлын байр болсон шүүх танхим давчуу, бүгчим, хүртээмжгүй, ажиллахад хүндрэлтэй. Гэтэл АНУ-ын мужийн шүүх танхимууд манай 24 давхар орон сууцтай адил өндөр байшинд байрладаг. Шүүгч болгон өөрийн гэсэн шүүн таслах ажиллагаа хэрэгжүүлэх уужим, саруул танхимтай. Манайхтай адил заал олдохгүй учир шүүх хурлаа хойшлуулна гэж байхгүй.
Эцсийн дүндээ шүүхийн хангамж бол шүүгчийн тансаглал биш иргэн та бидний хохирсон эрхийг сэргээх баталгаа шүү дээ.