Шүүхийн захиргааны ахмад ажилтан, “Монгол Улсын гавьяат хуульчид” номын зохиогч, шүүхийн түүх, хуульчдын намтар судлаач Ж.Бямбацогттой ярилцлаа.
-Гавьяат хуульчдын дундаас сонирхолтой намтартай хүмүүс их тааралдана биз?
-Өө их тааралдалгүй яах вэ. 1970 оноос гавьяат хуульч цол анх бий болсон. 1971 онд Р.Цуучил, С.Шайзадаа Ц.Лувсаншарав гээд шүүхийн салбараас анхны гавьяат хуульчид төрсөн байдаг. Үүнээс хойш улсын хэмжээнд 50 жилийн хугацаанд 35 жилд нь л гавьяат хуульч цолыг олгож байсан. Тэгэхээр маш хүндтэй цол байгаа биз. Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 120 (2020 оны байдлаар) гавьяат хуульч төрсөн. Энэхүү бүтээлдээ би улс эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө хөл, мөр хүрээгүй газар үгүй болтол зүтгэж, хүн зоныхоо амар амгалан амьдралыг сахиж, хууль ёсыг чанд мөрдүүлэхийн төлөө чөмгөө дундартал хөдөлмөрлөж явсан ийм л хүмүүс гавьяатын жинхэнэ эзэн байдаг юм байна гэдгийг харуулахыг зорьсон. Би одоо “Монгол Улсын шүүхийн түүхэн товчоо” гээд ном бичиж байгаа. Одоогийн байдлаар шүүхийн салбараас 39 гавьяат хуульч төрсөн байна. Шүүхэд ажиллаж байгаад өөр газар руу томилогдож ажиллаж байхдаа гавьяат болсон хүмүүс 20 гаруй байгаа. Үндсэндээ шүүхийн системд ажиллаж байсан 60 гаруй гавьяат хуульч төрсөн байна. Тэгэхээр шүүх бол том айл байгаа биз. Нийт гавьяат хуульчдын бараг 50-аад хувь нь шүүхийн салбартай ямар нэгэн байдлаар холбоотой. Гавьяат хуульчдын намтраас харахад нийгмийн амьдралын тал бүрийн хүрээнд хүч сорьж, амьдралын мөн чанарыг биеэр туулж, юм юм үзсэн, өргөн мэдлэгтэй “Туг ч барьж, тугал ч хариулж явсан хүн л” хүний хувь заяаг шийдэх эрхтэй болдог юм байна даа гэж өөрийн эрхгүй бодогдож бахархмаар санагдаж байлаа. Ер нь байгууллагын түүх гэдэг бол хүний л түүх байдаг. Улс орны ч бай, байгууллагын түүхийг ч бай хүн л бүтээж байгаа шүү дээ. Тиймээс би намтар судлалыг сонирхоод байгаа юм. 1920 оод онд шүүхийн систем яаж ажиллаж байв, ямар хүнд бэрхшээл байсан байна гээд түүхэн хүмүүсийн ярилцлага, намтраас маш их зүйлийг мэдэх бололцоотой байдаг. Гавьяат хуульчдын намтраас харж байхад хуульч гэдэг бол төрмөл, асар их тэвчээртэй, юмыг их олон талаас нь тунгааж хардаг, сэтгэлийн их хаттай хүн л хийнэ үү гэхээс биш бас зүгээр зөөлөн сэтгэлтэй ч юм уу шантрамтгай, туйлбаргүй хүн бол хийж чадахгүй ажил. Сайхан явбал сайхан, жаахан эвгүй гишгэвэл эргээд тухайн хүндээ ч салбартаа ч маш хүнд тусаж, толбо үлдээнэ. Тэр ч утгаараа шүүгч хүн, тэр тусмаа гавьяат хуульч хүнд алдах эрх байдаггүй гэж би хардаг.