ӨМГӨӨЛӨГЧИЙН ҮНЭМЛЭХИЙГ ЦАХИМЖУУЛЖ И-МОНГОЛИА СИСТЕМД БАЙРШУУЛЛАА


Хуваалцах


Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь үйл ажиллагаагаа цахимжуулах, өмгөөлөгчдийн ажиллах нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээний И-Монголиа системд нэгдлээ. Ингэснээр өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийг цахим хэлбэрээр ашиглах боломжтой болж байна.

Мөн шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудаар үйлчлүүлэх, өмгөөллийн туслалцаа үзүүлэхдээ заавал биет үнэмлэх шаардахгүйгээр гар утаснаасаа И-Монголиа аппликейшн ашиглан эрхээ нотлох боломжтой юм.

Түүнчлэн иргэдэд зориулсан "Өмгөөлөгчид хандах" цэс шинээр нэмэгдсэнээр хууль зүйн туслалцааг илүү ойр, хүртээмжтэй болгож, Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд бүртгэлтэй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй өмгөөлөгчдийн нэгдсэн жагсаалттай танилцаж албан ёсны эх сурвалжаас шалгах, мэдээлэл авах боломжтой боллоо. Иргэд И-Монголиа системийн хайлтын хэсэгт "Өмгөөлөгчид хандах" гэж бичих эсвэл "Нэмэлт" цэсийн "Өмгөөлөгчид хандах" хэсгээс сонгон мэдээлэл авч болно.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь технологийн дэвшлийг ашиглан иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, өмгөөллийн үйлчилгээг ил тод, нээлттэй болгох чиглэлээр ийнхүү шинэчлэлүүдийг хийж байна.

Тус Холбооны үйл ажиллагааг цахимжуулах, өмгөөлөгчийн үнэмлэхийг төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтрүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжлийн өндөр түвшинд шуурхай хамтран ажилласан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, И-Монгол" академи болон Үндэсний дата төв УТҮГ (ХУР систем)-ын хамт олонд гүн талархал илэрхийлье.

#МонголынӨмгөөлөгчдийнХолбооХураах


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол