Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж 2026 оны тавдугаар сарын 4-ний өдөр Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн (“Твиннинг”) төслийн суурин зөвлөх Кристоф Копецки болон богино хугацааны зөвлөхүүд болох Берлиний Давж заалдах шатны шүүхийн Ерөнхийлөгчийн тамгын газрын Цахим шүүхийн хэлтсийн дарга Мартин Мюллер-Фоллерт, Бүсийн шүүхийн шүүгч Ян Маркус Вебер нартай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр зөвлөхүүд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын шүүхийн цахимжилтын туршлага, түүнийг амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлсийн талаар танилцуулга хийв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж Монгол Улсын шүүхийн цахимжилтын өнөөгийн явц, туршин нэвтрүүлэлтийн талаар мэдээлэл өгч, цаашид уг үйл явцыг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд дата төвийн хүчин чадал, мэргэшсэн хүний нөөц бүхий бүтцийг хэрхэн бүрдүүлэх, түүнийг эрх зүйн зохицуулалтад оновчтой тусгах талаар санал солилцож, харилцан ярилцав
Түүнчлэн төслийн багийнхан Дархан-Уул аймаг дахь шүүхийн цахимжилтын туршин нэвтрүүлэлтийн явцтай газар дээр нь танилцахаар болов.


