Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров өнөөдөр (2026.09.10) Spurlock Judicial Fund-ийн төлөөлөгчидтэй уулзаж, эрх зүйн судалгаа, өмгөөлөгчдийн мэргэжлийн хөгжил, сургалт болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтаар Монгол Улсын хууль зүйн практикт тулгамдаж буй асуудлыг судалгаа, шинжилгээнд үндэслэн тодорхойлох, тэр дундаа иргэд, өмгөөлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой асуудал, процессын хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв.
Энэ хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь иргэд болон өмгөөлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой асуудлыг судлан тодорхойлж, судалгаа, шинжилгээнд үндэслэн шийдвэрлэхэд анхаарч ажилладаг болохыг Ерөнхийлөгч Л.Данзанноров онцлоод, Холбооны судлаач өмгөөлөгчдийн судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгааны арга зүй, боломжийг шинэ түвшинд хүргэх, практикт суурилсан судалгааны ажлыг өргөжүүлэхийн зэрэгцээ өмгөөлөгчийн ёс зүйн чиглэлээр сургалт, судалгааны чиглэлээр хамтран хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлэв.
Мөн Монголын Өмгөөлөгчдийн Холбоо болон АНУ-ын бар, тэр дундаа Техасын барын холбоотой хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох боломжийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, өмгөөлөгчдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжийн талаар санал дэвшүүлэв.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны дарга Д.Батсүх судалгааны ажлын чанар, практик ач холбогдлыг дээшлүүлэхийн зэрэгцээ өмгөөлөгчдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг онцоллоо. Түүнчлэн хамтарсан сургалтыг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчдөд хүртээмжтэй хүргэх, шаардлагатай тохиолдолд сургалтыг тухайн орон нутагт зохион байгуулах боломжийн талаар санал солилцов.
Spurlock Judicial Fund-ийн төлөөлөгч, шүүгч Matthew G. Wright судалгааны чиглэлээр хамтран ажиллахад өөрсдийн ашигладаг судалгааны программ, арга хэрэгслийг Монголын өмгөөлөгч, судлаачдад ашиглуулах боломжтой болохыг илэрхийлж, Монголын талаас судалгааны хэрэгцээ, холбогдох мэдээллийг ирүүлсэн тохиолдолд хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.
Мөн Монгол Улсын өмгөөлөгчид болон Техас мужийн өмгөөлөгчдийн хооронд харилцан сонирхсон сэдвээр сургалт зохион байгуулах, сургалтын сэдэвтэй уялдуулан хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, мэргэжлийн туршлага солилцох боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны зүгээс Spurlock Judicial Fund-ийн төлөөлөгчдөд Монголын өмгөөлөгчдөд зориулан сургалт, дадлага зохион байгуулж, тэдний мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ. Талууд цаашид сургалт, судалгаа, мэргэжлийн хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, хэрэгжүүлэх боломжтой ажлуудыг тодорхойлон ажиллахаар санал нэгдэв.
Уулзалтад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны дарга Д.Батсүх, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Холбооны Зөвлөлийн дарга Б.Солонго, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн Н.Удвал, Spurlock Judicial Fund-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Ганзориг, Diaz and Wright хуулийн фирмийн өмгөөлөгч David Morrison нар оролцов.


